Иргэний хөдөлгөөн (ИХНАМ)-ий намын Дэд дарга А.Мөнхбаттай ярилцлаа.
Монгол хүмүүс эвлэх ёстой болохоос өрсөлдөх ёсгүй
-Анх удаа бүсчилсэн тойргоор явагдаж байгаа энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцож буй ИХ намын “Монгол сонголт” уриаг ярилцлагынхаа эхэнд асууя. Намын үзэл баримтлал шинэчлэгдсэн нь бусад улс төрийн хүчнүүдээс ялгарч байна. Та бүхний дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн үзэл санааг анзаарч байхад их содон санагдлаа?
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 76 байсан гишүүдийн тоо 126 болох сонгууль болж байна. Хуучин 26-76 тойргийн хооронд мандат хуваарилагддаг байсан. Харин энэ удаад 13 тойрогт мандат хуваарилагдаад бүсчилсэн байдлаар сонгуулийн тойргийн зохион байгуулалт хийгдсэнийг бүгд мэдэж байгаа. Үе, үеийн эрх баригч намууд өөрсдийнхөө алдаатай үйл ажиллагааг сонгуулийн ялалт болгодог жишгээр л Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг хийсэн шүү дээ. Аль ч нам нь эрх барьж байх хугацаандаа ээлжит сонгууль болгоны өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг үйл ажиллагаа давтагдаж ирсэн. Уг нь үүнийг сонгогчид л шийдэх ёстой юм. Гэтэл манайд эсэргээрээ буруу жишиг тогтчихлоо. Үүний гор өөрчилсөн этгээдэд нөлөөлдөг гэдгийг сонгуулийн үр дүнгүүд баталдаг. Юу гэсэн үг вэ гэхээр сонгогчид буюу ард түмэн маань Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд үргэлж дургүй байдаг. Энэ нь “Эрх мэдлээ ашиглан төрийн сонгуулийг өөрсдөдөө зориулж хийдэг увайгүй оролдлогоо одоо больцгоо” гэж хэлээд байгаа дохио юм. Эрх баригч, улс төрийн намууд дураараа хууль өөрчилдгөө болих хэрэгтэй. Товчхондоо та бүхнийг “Төр, засгийн үйл хэргийг ард түмний өмнөөс төлөөлөөд хийгээдэх ээ” гээд сонгогчид сонгож, гаргаж ирж байгаа. Харамсалтай нь ард түмний сонголтыг үргэлж будлиантуулах алхмыг хийж ирсэн энэ үйлдлийг одоо зогсоох ёстой.
Монгол Улсын хөгжлийн гарц нь тогтвортой байдал. Гэтэл 1992 онд батлагдсан Үндсэн хууль бол шилжилтийн үеийнх. Тухайн цаг үедээ үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Харин өнөөдөр улс төрийн намуудын эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх “зэвсэг” болж хувирсан байна. Өнөөдөр хэн нэгэн давамгай эрх авсан гэдгээрээ хүч түрж, маш олон буруу шийдвэр гаргадаг. Үр дүнд нь иргэд, бизнесийнхэн хохирдог. Том зургаараа Монгол Улс хохирдог гэдгийг өнгөрсөн найман удаагийн сонгуулийн турш хангалттай үзлээ. Тэгэхээр сонгох зарчим гэдэг бол маш чухал зүйл. Энэ сонгох зарчмыг төрүүлж байдаг тодорхой Үндсэн хууль гэж бас бий. Үндсэн хуулийн дээр дахиад биднийг тодорхойлж байдаг онол байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр социализмын үед бол их тодорхой байсан. Коммунизм, Леннизмын онол дахь төлөөллийн зарчмаар бүх зүйлийг хэрэгжүүлнэ гэдэг байв. Тэрхүү тогтвортой байдал нь тодорхой дэвшил хөгжлийг тухайн үедээ авчирсан. Харин 1990 он гарч Үндсэн хуулийг өөрчилснөөс хойш сонгох зарчмуудаа ч бас өөрчилсөөр ирсэн. Тиймээс бизнесийн орчин, амьдрах орчин, цаашлаад улсын тогтвортой байх тэр нөхцөлүүд алдагдаж ирж байгаа. Үүнд төрийн эрхэнд гарч байсан намууд бүгд буруутай. Одоо үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. ИХ нам нэг л зарчмыг дэвшүүлээд байгаа юм. Ялагдалгүй мөнх орших ёстой. Монгол хүн болгон, сонгуульд оролцож байгаа иргэд, нам эвсэл бүхэн ялах ёстой. Эцсийн дүндээ Монгол Улс ялагдалгүй мөнх орших ёстой.
-Ялагдалгүй мөнх орших гэдэг нь яг юуг хэлээд байгаа юм бэ?
-Цаг хугацаа, орон зай гэдэг энэ том нүүдэл дотор бидний өөрсдийн жам ёсны хууль гэж хатуу хууль байна. Энэхүү жам ёсны хуульд тохирсон Үндсэн хуулийг бид гарцаагүй шинэчилж өөрсдөө авч явах ёстой. Энэ бол сонгуулийн араас идэвхтэй хэлэлцүүлэх том ажил гэж ойлгож болно. Яагаад гэвэл шилжилтийн үеийн буюу 1992 оны Үндсэн хуульд төрийн үндсэн институци болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд цаашлаад үүрэг гүйцэтгэх засаглал, шүүх засаглал бүгд бие биеэ хянах, хоорондоо бүрэн ойлголцолд хүрч байж дараагийн үйл хэрэг явахаар системчлэгдсэн. Одоо бид үүнийгээ Хөгжлийн Үндсэн хууль болгох шаардлага зүй ёсоор урган гарч ирж байгаа юм. Найман сонгуулийн үр дүнд монголчууд үзэх ёстой юм аа үзлээ, туулах ёстой замаа ч тууллаа. Өөрийн гэсэн сонгодог ардчилсан Үндсэн хуулийг, Хөгжлийн үндсэн хууль болгож гаргах туршлага суулаа. Нөгөө талаас цагийн тохироо сайхан бүрдлээ гэж харж байгаа юм.
-Хөгжлийн Үндсэн хуулийн талаар тодорхой хэлж өгөхгүй юу?
-Төрийн институциудыг гарцаагүй эвлэдэг зарчим руу хатуу тулгах ёстой. Эвлэж чадахгүй байгаа нь хариуцлагаа үүрээд татагддаг тогтолцоог бүрэн дүүрэн хийж өгнө гэсэн үг. Аливаа зүйлд дандаа өрсөлдөнө гэдэг буруу зарчим баримтлаад байгаа юм. Монгол хүмүүс эвлэх ёстой болохоос өрсөлдөх ёсгүй. Өрсөлдөөнийг бид дандаа буруу ойлгоод байдаг. Үүнтэй адил тэмцэл гэдэг зүйлийг ч бас мушгиж ойлгодог. Үнэн хэрэгтээ бидний тэмцэх ёстой зүйл бол ядуурал, ажилгүйдэл байна. Гэтэл энэ бүхэнтэйгээ тэмцэх гэж байгаа этгээдүүд нь хоорондоо тэмцэлдчихдэг. Ийм байхад тэмцэх ёстой зүйлээ үгүй болгоно гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй шүү дээ. Хөгжлийн Үндсэн хууль бол төрийн институциуд бат бөх, эвтэй байх тэр гарцаагүй нөхцөлийг хатуу тулгадаг байх шаардлагатай. Зөвхөн төрийн институци гэхгүй ард түмэн, төр улс бүрэн бүтнээрээ эвтэй, бат цул байдаг тэр л үндсэн хуулийг бид гаргаж авах шаардлагатай байгаа. Хүний амьдралын идэвхтэй нэг үе бол 30 жил байдаг. Энэ үеийг хувь хүн, нийгмийн харилцаа цаашлаад төрийн бүхий л үйл хэргүүд, улсын хэмжээний засаглалын бүтцийн зохион байгуулалтууд дандаа хий хоосон, дэмий үрэх чиглэл рүү нь хандуулчихсан байгаа юм. Тэгэхээр хөдлөх болгонд бидний хөдөлмөрийг тооцдог, алдааг ойлгуулж чаддаг, үргэлж зөв чиглэл рүү нь хөтөлдөг эрх зүйн нэгдмэл харилцаа Монголд дутагдаад байгаа юм. Өнөөдөр манай улс 880 гаруй хууль, үүнийгээ дагалдан гарсан маш олон эрх зүйн бичиг баримтуудыг үйлдвэрлэсэн байна. Гэтэл эдгээр нь өнөөдрийн бидний бодит амьдралыг зохицуулж чаддаггүй. Үндсэн хууль маань илүү харийн шинж чанартай болохоор аргагүй юм. Монголын өөрийнх нь суурь онцлогуудыг бүрэн дүүрэн тусгаагүй учраас энэ гарч байгаа хууль, эрх зүйн баримтууд бүгд амьдралаас хол хөндий. Дээр нь шахсан, хяхсан, боосон, хаасан, хүчтэй нь хүчгүйгээ үргэлж дарангуйлж байдаг тогтолцоог үүсгэчихсэн байна. Гэтэл энэ бүгдийг бидний амьдралд байх ёстой юм шиг ухуулаад, тэргүүгээрээ сонгуулийн сурталчилгаа хийж буй улс төрийн намууд хүртэл байгаа нь харамсалтай. Өнөөдөр мөнгөтэй л бол чиний зөв гэдэг тогтсон хэвшил бүрэлдэж байна. Энэ бол монгол хүний яс, цусанд байдаггүй зүйл. Ерөөсөө монгол хүн бие биедээ үргэлж эвтэй байдаг. Нэгнээ огт мэддэггүй хүн байсан ч гэсэн дайлж цайлаад сайхан танилцаад, унаа хөлгийг нь эвлэж өгөөд мордуулдаг ийм л сайхан ёс жаягтай ард түмэн.
“Монголчуудын уг үндэс юу юм бэ. Тэрэнд юу тохирох вэ” гэдгийг бид дагахын зэрэгцээ эрх зүйн харилцаагаа болгочихвол Монгол Улс хөгжинө. Үүнийг бидний андууд 17 жилийн турш судалж, нотолсон. Энэ эрэл хайгуулыг хийх явцдаа тал, талд, салбар салбарт, олон талт харилцаан дээр мухардмал болох юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар энэ мухардлаас гарах гарц нь юу юм бэ гэж эрэл хайгуулж хийсэн хүмүүс өнгөрсөн 34 жилд үүссэн байсан. Тэднийг бид нэгтгэж чадсан. Бид нэгдсэнийхээ хүчинд хайсан зүйлээ ч олсон. Энэ олсон зүйл маань Монгол онолын тухай ойлголт байгаа юм.
-ИХ намын сонгуульд дэвшүүлсэн уриа үүнээс улбаатай байх нь ээ. Ингэхэд дэлхий улам даяаршиж байгаа өнөө цагт Монгол онол, Монгол үзлийн талаар ярих нь хэт явцуу биш үү?
-“Монгол онол гэхээр бид 13 дугаар зуун руугаа эргэх юм уу. Нүүдлийн соёл иргэншил гээд санал болгоод байх юм, бүгдээрээ малчин болох юм уу” гээд шинж чанар талаас нь хүмүүс өлгөж аваад байдаг. Бид үүнийг тайлбарлахын тулд түүхээ заавал ярихаас өөр аргагүй болж байгаа юм. Өнөөдрийн байгаа байдал маань түүхээ мэдэхгүй байгаатай холбоотой. Дээр хэлсэнчилэн бидний хийсэн судалгаа түүхийн жим байсан болохоор итгэлтэй дүүрэн байгаа юм. Монголчуудад түүхэн уламжлалаар бий болж жаяглагдсан газар нутаг гэж байна. Өөрөөр хэлбэл, 13 алтай, 29 хангай, 33 говь маань яг юу юм бэ. Энэ уул ус, ургамал ногоо чинь яадаг юм бэ. Бэлчээр ус нь ямар зориулалттай юм бэ. Эрдэнэт таван мал сүрэг маань ямар учиртай юм бэ. Яагаад биднийг Монгол гэж нэрлээд байгаа юм. Яагаад нийтээр нь монголчууд гээд байгаа юм. Яагаад Монголын нууц товчоон дээр “Дээд тэнгэрээс заяат” гээд хэлчихсэн юм бэ. Энэ мэтчилэн маш олон асуултуудад бид бүхлээр нь хариулт өгсөн. Тэдгээр хариултыг хэлэх үндсэн боломжийг бидэнд “Алтан дээд гэрээ” өгсөн. Амнаас ам дамжин өртөөлөгдөн ирсэн энэхүү судрын талаар манай намын дарга болон бусад андууд маань маш тодорхой таниулгуудыг сонгуулийн сурталчилгааны үеэр хийж байгаа. Өөрөөр хэлбэл, бид “Монгол онол” гэдэг онолтой болчихлоо. Энэ онол бол бүх онолуудын үндсэн суурь буюу орчлон хорвоог филисофийн агуулгаар нь бүрэн дүүрэн таниулсан гэсэн үг. Бүх юмны суурь нь филисофи шүү дээ. Математик, физикээс гадна одоо хэрэглэгдэж байгаа эдийн засгийн онолуудын үндэс нь хүртэл филисофи. Тэр байтугай шашины итгэл үнэмшлүүд ч бас филисофи дээр үндэслэгддэг. Монгол филисофийг “Алтан дээд гэрээ”-ний онол бүрэн дүүрэн илэрхийлж байгаа юм. Энэ бол бидний эцэг өвөгд 950 мянган жилийн амьдралын үр дүнд олж, онож, гаргаж ирсэн ийм л агуу онол. Энэ онолоор цөмийн физик, сансар огторгуй, газар нутаг, хүнийг төрөлхтнийг ч тайлбарлаж болно. Маш их онолын өргөн чадамжтэй гэсэн үг.
-Таны ярьсан “Алтан дээд гэрээ”-ний онолоор төр ямар байх ёстой юм бэ?
-Бидний амьдрал буюу орчлонг бүрэн дүүрэн сүлж байгаа харилцааны том цикилийг төр гэж хэлээд байгаа юм. Эцэг өвгөд маань “Ирсэн нь амьдран оршоод наслахын жаягт бүрэн мөр цохирч буцаж чаддаг. Буцсан нь эргээд үр хүүхдэдээ ирж чаддаг. Тэр том цикилийг төр гэнэ” гэжээ. Төр гэдэг үнэт зүйлийн ирж, буцахын том тойргийг алдагдуулахгүй байхын тулд засаг ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр бид Ардын намын төр, Ардчилсан намын төр гэдэг. Төрөө таниагүйгээс болж янз бүрийн нэр хаяг, тайлбар, тодорхойлолт төр дээрээ наачихаад яваад байгаа юм. Тэгтэл төр гэдэг бол ерөөсөө л биднийг бүтээж, үүсгэж, бидний оршин амьдрахын баталгаа болж байдаг зүйл юм. Тиймээс монголчууд “Төрийн сүлд минь өршөө” гэж байнга залбирч, даатгаж байдаг шүү дээ. Энэ бүгдийг монголчууд таньдаг мэддэг байх цагтаа дандаа хүчирхэг болж дэлхийг засаглах ажлаа хийдэг байсан. Дэлхийн хүн төрөлхтөнд орчлонгийн хууль, жам ёсоос гадна төр улс болон оршин амьдрахын утга учрыг заадаг байсан ард түмэн. Өөрөөр хэлбэл, оюуны байлдан дагуулалт хийдэг байжээ. Тэрийг хүлээж авахгүй бол цэрэглэн ордог л ард түмэн байсан. Хамгийн сүүлд Мөнх хаан хар сүлдийг буцааснаас хойш таних ёстой зүйлээ танихаа больж эхэлсэн. Тэр цагаас өнөөг хүртэл 700 гаруй жил бид тэсэж үлдэхийн төлөө амьдарч байгаа.
Ярилцлагын эхэнд гарцаагүй эвлэж байж бүтээдэг төрийн институциудын тухай ярьсан. Тэр үйл хэргийг онол, онолоос ургаж гарсан зарчмууд хашиж байдаг. Тэрнээс ургаж гарч ирж байгаа сонгох зарчим биднийг маш тодорхой байлгадаг. Өнөөдөр хэн төр өргөх тэнхэлтэй вэ. Тэр төрийн мөн чанарт хэн тэнцээд байгаа юм бэ гэдэгт ард түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй тэр боломжийг олгохын төлөө ажиллаж байгаа юм. Тиймээс манай намын андууд сонгуульд оролцох гэж нам байгуулаагүй. Энэ сонгуулиар монгол хүн ямар байх ёстой юм. Монгол сонголт гэж юу юм. Дээр нь монголчууд яаж эвлэж хүчирхэг болох ёстой юм бэ гэдэг тэр бүх үзэл баримтлалыг нийт монголчууддаа дэлгэж таниулж байгаа хамт олон. Энэ агуулгаараа бид нам гэдэг чинь юу байсан юм бэ гэдгийг заавал тодруулж ярих шаардлага үүсч байгаа юм. Тэгэхээр 13 дугаар зуун хүртэл нам байсан байна. Их эзэн Чингэс хаан 44 айлыг мөр цуглуулаад Тэнгэрийн зарлиг хэмээх нам байгуулж байжээ. Бүр хаан Жамуха 46 айлыг мөр нэгсгэж Иргүний зоригдол гэдэг намыг байгуулсан байгаа юм. “Энэ бол Алтан дээд гэрээ”-нд мэдээлэгдсэн баримт. Тэр хоёр нам хуралдаад Их Монгол Улсыг зарлан тунхаглах үедээ нэгдэж, “Энэ улсад нэг нар байх ёстой” гээд Жамуха хаан Их эзэн хааныг өргөж нэгссэн тухай түүхэнд тодорхой тэмдэглэж үлдсэн байдаг. Тэгэхээр үндэсний таван тусгаар тогтнол гэж зүйл бий. Үүнийг хамтаар хариуцахыг анд гэж хэлж байгаа юм. Тэр андуудын нэгдлийг нам гэнэ. Өөрөөр хэлбэл, гэгээрлийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангах тэр байгууллага буюу институцийг нам гэнэ. Намын үндсэн ажил нь түмэн олныг гэгээрүүлж, ард түмэн болгох ажлыг зохион байгуулах институци юм. Харин өнөөдөр Монголын улс төрийн нам ямар байгааг уншигчид маань харж байгаа байх.
-Намууд ажил олгогч болсон. Иргэд амьжиргааны эх үүсвэрээсээ салахгүйн тулд намынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ. Хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын аминд золгүй байдлаар халдсан хэрэг гарлаа. Ер нь нам ажил болгогч болохын хэрээр бизнесийн орчин хумигдаж байгааг та юу гэж хардаг вэ?
-Та асуултандаа дурдсан учраас би хэлэхгүй бол болохгүй. Миний ээжийн нутаг Өвөрхангай аймгийн Сант сум л даа. Манай ах дүү нар одоо ч нутагтаа амьдарч байгаа. Нутгийн зон олонд маань харамсалтай явдал тохиолоо. Юмны гай гэж бий. Гэхдээ энэ бүх зүйл төр шиг төртэй, нам шиг намтай байсан бол тохиохгүй. Үүнд Үндсэн хууль батлалцсанаас өгсүүлээд Монголын улс төрийн хүрээнд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, нам болж “тоглож” буй нь улс төрийн хүчнүүд үнэхээр арга ажиллагааны хувьд, онол филисофийн хувьд туйлын илрэл нь хүний амиар гарч ирж байна шүү дээ. Хүний алтан амь гэдэг бол нэг ураг удам. Цаашлаад нэг өрх гэр бүлдээ хамгийн үнэтэй зүйл. 13 дугаар зуунд манай эцэг өвгөд дайнд мордохдоо хүний ганц хүүг ялгаж, арын албанд үлдээдэг байсан. Зүүн чихэнд нь зүүлгэсэн ээмгээр ялгаж таньдаг байж. Цэргүүдээ дайнд мордуулахдаа жагсаалыг зэрэгц командаар сүлд рүүгээ баруун мөр дагаж харж байхад нь зүүн чихэндээ ээмэгтэй айлын ганц хүүхдүүдийг сугалж авч үлдээдэг байсан байгаа юм. Яагаад гэвэл хүний ганц ураг удмыг тасална гэдэг бол аймшигтай гэмт хэрэг. Тиймээс тэр ураг удмыг таслахгүй үргэлжлүүлэн авч явахын тулд монголчууд маань ийм хүнлэг байжээ. Тэр ураг удам нь нартад үр удмаа үлдээж үргэлжлэх тэр хэлхээг таслахгүйн тулд ийм хариуцлагатай байжээ. Тэгтэл өнөөдөр хүний амийг егүүтгэсэн этгээд юу ч болоогүй юм шиг сууцгааж байна. Шоронд орчихоод ялаа ч гүйцээлгүй гарч ирмэгцээ хэвлэлд инээгээд ярилцлага өгөөд сууж байх юм. Тиймээс манай нам тэр бүх ёс бус зүйлүүдийг арилгахын тулд иргэдээ танин мэдвэл зохих мэдээллээр бүрэн дүүрэн хангана. “Алтан дээд гэрээ”-нд нэг сайхан үг байдаг. “Байгаа бүхнийг хорвоо гэмой. Байгааг нь таньвал ертөнц болмой. Харин байлгахгүйг тэнгэр гэмой” гэж.
Таны асуултыг гүйцээхэд намууд буруу онол дээр суурилсан учраас намыг таньдаггүй. Иймд төрийн үйл хэрэг, засаглалын үйл хэргийг ерөөсөө мэдэхгүй байгаагаас болоод өнөөдөр хийж буй бүх үйл ажиллагаа дандаа гэм тарьж, төвөг удаж байгаа. Дээрээс нь нөхөж барашүгүй маш их зүйлийг алдаж байгаа. Харийнханд ч тэр, мэдэхгүйгээсээ болоод өөрсдөө ч тэр маш их зүйлийг устгаж байна. Устгал, мөхөл гэдэг зүйлийг огт байлгадаггүй тэр онолыг Монгол үзэл баримтлал, Монгол онол гэж хэлээд байгаа юм. Алтан дээд гэрээн дээр энэ тухай “Үүслийг үргэлжлүүлэхийг хөгжил гэнэ” гэжээ. Хөгжил гэдэг үгэнд өнөөдрийг хүртэл нэг ч утгатай тайлбар хэлж чадаагүй л яваа шүү дээ. Тэгвэл “Алтан дээд гэрээ”-нд “Үүслийг үргэлжлүүлэхийг хөгжил гэнэ. Үүслийг өөрчилбөл устгал, мөхөл болно” гэж тов тодорхой хэлсэн байгаа юм. Өнөөдрийг хүртэл явж ирсэн бүхий л намуудын үйл ажиллагааг ерөнхий дүнгээр нь хэлбэл дандаа монголчуудад ёр дуудсан. Дандаа устгал мөхөл сүйтгэсэн ажлууд хийж ирсэн. Үүнийг бид амьдралаараа баталчихлаа. Хүн болгон дотроо мэдэж байгаа. Тэр бүгдийг энэ удаагийн сонгуулиар хамтдаа цэг тавья. Намууд ажлын байр олгогч болчихлоо. Бас тендер олгогч болчихлоо. Эрх барьж байгаа намтай л учраа олчихсон байхад бүхнийг дураараа хуулийн гадуур гишгэлэн хийх боломжийг тэр намууд чинь олгож ирсэн. Өнөөдөр Монголын шүүхийг хүртэл доромжлоод сууж байна шүү дээ. Тэгэхэд Шихихутуг гэж ямар сайхан хүн байсныг Монголын нууц товчооноос бүгд мэдэж байгаа. Эцэг өвгөдийн бидэнд үлдээсэн бүхнийг амилуулах цаг нь болжээ. Монгол төрөө, Монгол засаглалаа ч бүрэн дүүрэн амилуулмаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүртэл амьтай байлгах хэрэгтэй байна. Ард түмэн нь өнөөдөр аргаа ядсан, улны болчихсон гээд хэлүүлээд сууж байхад өмөөрдөг амьтай Ерөнхийлөгчтэй байх сан. Өнөөдөр Монголын ард түмний төлөө хэн зүрх нь цохилж, сэтгэл нь урагдаж, хөдөө хээр, хотын гэр хорооллын гудамжинд явж байгаа юм бэ. Яахав, сонгуулиар бүгд л “Болж байна, сайхан байна” гээд хэлцгээж байгаа л даа. Гэвч бодит амьдрал дээр ямар байгааг хэнээр ч хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Тэгэхээр Монгол Улсыг монгол хүн л хөгжүүлнэ. Тэрнээс харийнхан ирээд биднийг сайхан болгочих юм шиг. Эсвэл харийн онол ном, гадаадад сураад ирсэн залуус сайхан болгочих юм шиг гэнэн тэнэг ойлголтуудаа бүгдийг нь хаях цаг нь болсон шүү. Монголчуудыг монголчууд л хөгжүүлнэ. Энэ бол түүхэндээ батлагдаж, нотлогдсон зүйл. Тиймээс монголчууд маань бүгд сүр сүлдээ өргөж, сүр хүчээ нэгтгэмээр байна. Үүнийг л манай нам нийт ард иргэддээ санал болгож байгаа.
Парламентын гаднаас үүсч байгаа хамгийн том
сонголт бол ИХ нам
-ИХ нам энэ удаагийн сонгуульд рангаараа гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Хамгийн олон нэр дэвшүүлэлттэй гурван намын нэг. Ер нь ИХ намыг ард түмэн долдугаар сарын 1-ний үйл явдлаас өгсүүлээд “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг санаачилж, нийгэмд шүгэл үлээж байснаар нь сайн мэднэ. ИХ нам ямар бүтэц зохион байгуулалттайгаар сонгуульд оролцож байгаа вэ?
-Манай нам 2007 онд байгуулагдаж байлаа. 2008 оны сонгуулийн дараахь долдугаар сарын 1-ний үйл явдалд гол үүрэг гүйцэтгэсэн нам яах аргагүй мөн. Тэр үед бид үнэхээр нухчин даруулсан. Түүнээс хойш яг найман жилийн дараа буюу 2016 онд миний бие “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг санаачилж, хар, цагаан жагсаалтыг гаргаж байсан. Хар жагсаалтад төр рүү орж болохгүй хүмүүсийг нэрлэж байв. Харин төрд орж болох хүмүүсийг цагаан жагсаалтад тавьж байв. Тухайн үед Монголын залуучуудын холбоогоор улс төрийн үйл ажиллагаа хийлээ гээд Улсын дээд шүүх дээр холбоо маань татан буугдах эрсдэл үүссэн. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд нийтээрээ хэлэлцээд ИХ нам дээр сонгуулийн кампанит ажил зохион байгуулж байлаа. Тэрүүгээрээ хар, цагаан жагсаалтаа орон даяар сонгогчиддоо хүргэе гэж шийдээд намайг түлхэж оруулсан л даа. Тэрнээс хойш яг найман жилийн ар дээр энэ удаад бид цоо шинэ үзэл баримтлалаар зохион байгуулалтад орж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж, сонгуульд оролцож байна. Бид цэвэр монгол арга зүй, монгол билэг зүй, монгол онолоор сонгуулийн кампанит ажлаа хийж байгаа. Сонгогчид маань ч биднийг тун таатай хүлээж авч байна. Сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэхээс өмнө манай намын гишүүдийн тоо аль хэдийнэ 160 мянга давсан. Нам шинэчлэгдсэнтэй холбогдуулж улам өргөжиж, тэлж байна. Итгэл үнэмшил дээрээ бүрэн нэгдэж, “Амнаас аманд, аминаас аминд” бүхий л үйл хэргүүдээ бүрэн дүүрэн таниулж байгаа олон сайхан андууд маань улам нягтарч сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр бид шинэ үзэл баримтлал, шинэ зохион байгуулалтаар нэгхэн жилийн дотор эвлэж сонгуульдаа оролцож байгаа ч 124 нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлж чадсан. Өнөөдөр МАН, АН тус бүр 126 хүнээ дэвшүүлсэн. Хамгийн олон нэр дэвшигчтэй гурван намын нэг болчихсон явж байна. Энэ ташрамд, уншигчиддаа нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Парламентын гаднаас үүсч байгаа хамгийн том сонголт бол ИХ нам шүү. МАН, АН, ХҮН нам бол парламентад суудалтай, ажлаа дүгнүүлж байгаа улс төрийн хүчнүүд. Харин бид парламентын гаднаас баталгаатай сонголтыг бий болгож чадсан цорын ганц нам. Тиймээс сонгуулийн сурталчилгааны үед тараагдаж байгаа манай намын мэдээллүүдтэй нягт нямбай танилцаж, багцаар нь дэмжээрэй гэж хүсч байна.
-Ямар, ямар хүмүүс дэвшүүлэв?
-ИХ намын 124 нэр дэвшигч үнэхээр үзэл бодлоороо нэгдэж, анд бололцсон улс. Таван тусгаар тогтнолоо хамтаар хариуцана гэдэгтээ ам тангаргаа өргөсөн хүмүүс. Манай намын андгай “Байх үгүй, болох үгүй, мэдэх үгүй хэмээхийг гээвээс чадах үгүй хэмээх явдал үүрд алга болж ялагдалгүй мөнх оршино” гэж байгаа. Мэдээж орчин цагийн хүмүүс салбартаа танигдсан юм уу, мэргэшсэн юм уу, хүнийхээ хувьд төрд орох болсон юм уу гээд олон асуулт ургах байх. Төрийг өргөнө гэдэг маань төрийн мөн чанарт тэнцэхийг хэлээд байгаа юм. Тэнцээгүй хүн төр өргөнө гэж хэзээ ч байхгүй. Тиймээс биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэж үг байгаа. Тэр үг хүмүүст буруу ойлгогддог. Энэ ойлголтыг засах ёстой. Жишээлбэл, “Явсан нохой яс зууна” гэдгийг “Явсан хүн ёс танина” гэдэг байжээ. Энэ мэтчилэнгээр 700 жил монголчуудыг хүчгүй байлгахын тулд бидний уул усны нэр, ураг удмын хэлхээнүүд, зүйр цэцэн үгнээс авахуулаад маш олон зүйлийг тонгоруулан буруу хөрвүүлсэн байгаа юм. Энэ бүгдийг гадны бодлогоор зориуд бидний тархийг будлиулах гэж хийсэн. Ямар сайндаа монголчууд Их хааныхаа нэрийг хүртэл буруу хэлж байхав. Чингис хааныг Төмөрчин их хаан гэдэг байсан. Гэтэл аль хэдийнэ Тэмүүжин гэж дуудаад хэвшчихсэн байна. 13 нас хүрэхэд нь Төмөрчин гэж алдрыг нь буулгаж өгсөн байгаа юм. Яг үүн шиг маш олон зүйлийг бид таньж мэдэхээ больсон. Тэгэхээр “Алтан дээд гэрээ” маань Монголын нууц товчоог тайлж унших түлхүүрийг нээж өгсөн. Монголын нууц товчоог манай андууд цоо шинээр яг мөн чанараар нь уншиж чадаж байгаа. Тиймээс бид төр улсаа яаж засагладаг юм. Яаж түмнээ нэгтгэдэг юм. Яаж хүнээ үнэтэй болгодог юм гэх зэрэг бүх зүйлүүдийг таньсан. Хүнийг хүнээр л үнэлдэг. Гэтэл өнөөдөр бид хүнээ мөнгөөр үнэлэх гээд явж байна шүү дээ. Хамтын хариуцлага буюу та арван хүнтэй нэгдчихвэл тэр хэрээр үнэ цэнтэй гэсэн үг. Бид гурван саяулаа гэхээр хамтын хариуцлагын хүний орон зайд нэг байж улс гэдэг зүйлийг ярих боломжтой. Арван хүн нэгдвэл Монголоо өөрчлөх боломжтой. Үүнтэй адил гурван саяулаа нэгдвэл хүн төрөлхтнийг зөв зам руу нь залах боломжоо олж авах юм. Дээд тэнгэрээс заяат хүмүүний уг болсон хөх нуруутууд хүн төрөлхтний өвөг дээдэс гэдгээ одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголоос их нүүдэл эхэлсэн. Тэр нүүдлийн анхдагчдын нэг нь индианчууд буюу АНУ-д амьдарч байгаа уугуул үндэстэн. Үүн шиг газар орон бүр амьдарч байгаа уугуул үндэстнүүд бүгд Монголоос нүүдэллэн очоод тэндээ угсаатан болж бүрэлдсэн. Тэрнийхээ ар дээр төр улсаа байгуулаад үндэстэн болсон. Ийм л түүх байгаа шүү дээ. Тиймээс бид ирэх долоон жилийн үндсэн төлөвлөлт хөдөө аж ахуйг хөгжүүлэх. Дараагийнх нь нийгэм эдийн засаг буюу аялал жуулчлалын салбар руу чиглэсэн байгаа. Уг гарвал болсон эх нутгаасаа сүр сүлдээ олж авахын тулд хүн төрөлхтөн Монголдоо эргэж ирцгээнэ. Тэрэнд л бид бэлэн байх ёстой.
Энэ удаагийн сонгуульд манай нам өргөн бүрэлдэхүүнээрээ анх удаа оролцож байгаа. Маш их хариуцлагаа ухамсарлацгааж, дэгтэй ёс зүйтэй өрсөлдөж байна. Бидний хувьд нэр дэвшүүлэлт дээрээ нэлээд бодож төлөвлөж хийсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын түмэн асуудлын шийдэл болгож дандаа эмэгтэйчүүдээ нэр дэвшүүллээ. Нийслэлд зургаан тойргийн 24 мандат дээр 24 эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлсэн байгаа. Улаанбаатар хот маань айл шиг айл болохын тулд сэтгэлтэй жинхэнэ эзэгтэй нар хэрэгтэй байна. Хотод эмхэлж, цэгцлэх олон ажил бий. Түгжрэл, утаа, ажилгүйдэл гээд маш олон асуудлуудын ард гол ачааг нь эмэгтэйчүүд үүрч яваа. Тэд зовлонгоо шийдэлтэй нь мэдээд байна. Тиймээс энэ эмэгтэйчүүдээ гаргаж ирж, Улаанбаатарыг эмх цэгцтэй болгох хэрэгтэй. Улаанбаатарыгаа улсын нийслэл шиг болгомоор байна. Өнөөдөр Монголыг зорих гадаадын зочид, төлөөлөгчид, аялагчид Чингис хааны хотод бууна гэж сэтгэж ирдэг. Гэтэл бидний тосч авч байгаа байдал тун ядруу. Тиймээс хаадын, хаадын хааны нийслэл Улаанбаатарыг нийслэл шиг болгох шаардлага зүй ёсоор урган гарч байгаа. Энэ ажлыг ИХ намаас нэр дэвшиж буй эмэгтэйчүүд 100 хувь хийж чадна. Дээр нь жагсаалтад 24 эмэгтэй байгаа. Тэд маань ч бас нийслэлийн ажлуудад оролцоод явна. Мөн орон нутагт зургаан эмэгтэйгээ нэр дэвшүүлсэн. Нийт дүнгээрээ ИХ намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд 54 эмэгтэйг нэр дэвшүүлж байгаа.
-Хамгийн олон эмэгтэй нэр дэвшигчтэй нам болж чаджээ. Тэгвэл хамгийн ахмад болон залуу нэр дэвшигчид гэвэл ямар, ямар хүмүүс байна вэ?
-Монгол ухаанд таван чанарын тухай ойлголт байгаа. Эхнийх нь шинж чанар. Одоо дийлэнх улстөрчид шинж чанарын түвшинд бүх юм аа эргэлдүүлдэг. Дараагийнх нь бүх зүйлийг харилцаанд оруулж байдаг амин чанар. Үүний ар тал дээр яг жинхэнэ харилцаанд орж байгаа этгээд буюу мөн чанар гэж байгаа. Мөн чанарыг үүсгэдэг нь оронт, эрчимт чанар. Ийм таван чанарын ухаанаар монголчууд бүх зүйлийг таньж мэдсэний үндсэн дээр харилцаагаа үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, эрчимт чанар гэдэг зүйлийг эрэгтэй хүн, оронт чанарыг эм хүйс төлөөлж байдаг. Тэгэхээр нийслэл хот бол оронт чанарын тод томруун илэрхийлэл. Мэдээж сүр сүлд нь эрчимт чанар. ИХ намаас энэ удаагийн сонгуульд “Хаадын суугаар шийдэж, хатдын ухаанаар хүрнэ” гэсэн дэд уриаг дэвшүүлээд байгаа. Хот гэдэг айлыг цэмбийлгэхэд эм хүйс давамгайлж хийх зайлшгүй шаардлага онолоос тулгагдаад байгаа юм. Манай намд хамгийн ахмад нэр дэвшигч 79 настай Чулуун гуай байна. Зургадугаар тойрог буюу зүүн гурван аймагт нэр дэвшиж байгаа. Шагайн харвааныхан, малчид бүгд Чулуун гуайг андахгүй. Өнөөдөр залуучууд биднээс илүү хурд, хүчтэй ажиллаж байгааг нь харахад үнэхээр бахархмаар. Монгол төрийн ноён нуруу гэж бий. Үүнтэй адил нутгийн ноён нуруу, айлын ноён нуруу, засгийн ноён нуруу ч гэж байгаа. Энэ ноён нуруунуудаа бид аль хэдийнэ үл тоогоод, гомдоогоод жинхэнэ нялхсын ноцолдоон болоод явж байна. Тэгэхээр бүгдийг байранд нь буцааж залахын тулд зориуд Ж.Чулуун гуайг урьж, намаасаа нэр дэвшүүлж байгаа. Аливаа хөгжил гэдэг зүйл бол гурван цаг, гурван үеийн мөр дээр бүрэн дүүрэн явж байж хөгждөг жамтай. Ийм л онолын хатуу тулгалттай. Үүнийг гээчих юм бол залуучууд нь ахмадуудаа хүндлэхээ болино. Ахмадууд нь залуучуудаа басамжилна. Дунд эргэм насныхан аль алинийг нь үл тооно. Ингэх юм бол бид хэзээ ч хөгжихгүй. Төрийн институциуд бие биедээ дэгээ тавина гэдэг шиг юм болно. Үе хоорондын дэгээ тавиад эхлэх юм бол Монгол хөгжихгүй. Ийм алдааг давтахгүйн тулд, байнга онож байхын тулд, ахмадуудаа өргөж байх ёстой суудалд нь залах үүднээс Ж.Чулуун гуайгаар төлөөлж нэр дэвшүүлэлтэд оруулсан. Дараагийн ахмад бол манай Ж.Занаа гуай байна. Иргэний хөдөлгөөний болон жендерийн зүтгэлтэн хүн. Занаа гуай өнөөдөр 75 нас шүргэж байна. Хан-Уул дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн. Энэ хоёр буурал хүний хувьд жинхэнэ хор нь гарсан улсууд. Тэд маань нийт нэр дэвшигчиддээ үнэхээр сайхан үлгэр дуурайлал үзүүлж байгаа. Манайд салбар салбарын манлайлагчид бүгд цугларсан. Хиймэл дагуул хөөргөөд байгаа Д.Эрдэнэбаатар байна. Монголын бүх залуу физикчдийг төрүүлсэн МУИС-ийн Д.Улам-Оргих багш маань нэр дэвшиж байна. Хамгийн залуу нэр дэвшигч 25 настай Б.Гүнжинлхам гэж эмэгтэй бий. Сая зургадугаар сарын 9-нд 25 нас хүрлээ. Нийт залуу сонгогчиддоо “Та бүхний 25 нас гэдэг бол төр өргөх бололцоотой гэж Үндсэн хуулиар шийдсэн нас юм шүү” гэдгийг сануулж, сэрүүлэхийн тулд Б.Гүнжинлхамыгаа нэр дэвшүүлсэн. Хамгийн ахмад, хамгийн залуу хоёрын дундах гээд гурван үе, гурван цагийн хэлхээг төлөөлөн манай намаас сонгуульд оролцож байгаа.
Бид социализмын үед ч ардчиллын 34 жилд ч байгуулж чадаагүй мянга, мянга бүтээн байгуулалтыг хийнэ
-ИХ нам сонгуульд ялалт байгуулбал Монгол Улс нэлээд эмх цэгцэндээ орох нь ээ?
-Бид гуравхан жилийн дотор одоо байгаа бүх боломжуудаа эмхэлж гүйцээнэ. Манай ДНБ 5000 ам.доллар орчим байгаа. Зөвхөн эмхэлж, цэгцлэх ажил хийсний ар дээр энэ тоо 36 мянган ам.доллар болж өснө. Өөрөөр хэлбэл, бид маш их зүйлийг мэдэхгүйгээр хулгайд алдаад явж байгаа. Уг нь тэр 36 мянган ам.доллар чинь айл өрх, хөдөлмөрлөсөн хүн болгондоо очих ёстой. Гэтэл үүнийг эрх мэдэлтнүүд байхгүй болгочихсон. Харин тэр боломжийг ард түмэндээ өгөх нь бидний эмх цэгцээс хамаараад байгаа. Ингэж эмх цэгцэнд орсны дараа долоохон жилийн дотор асар их бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлнэ. Өнөөдрийн засаг барьж байгаа хүмүүс, сайд асан, УИХ-ын гишүүн байсан бүх хүнд ойлгогдохооргүй бодоочгүй маш том бүтээн байгуулалт, маш том тоо, маш их ажил ундарч гарч ирнэ. Тэгэхээр үүнийг ямар ч эмх цэгцгүйгээр хийх үндсэн боломж байхгүй. Тиймээс гурван жилд тодорхой эмхлэх, цэгцлэх ажлуудыг гүйцээнэ.
-Яг ямар ажлууд хийх юм бэ?
-Нэн тэргүүнд төрийн институц бүхэлдээ багтана. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг эмхлэх ажил байгаа. Дараа нь бүх банк санхүүгийн тогтолцооны ажлууд бий. Өнөөдөр монголчууд маань хөдөлмөрлөөд л байдаг боловч хамаг өрмийг нь банк санхүүгийнхэн сорж амьдарч байгаа. Иймд одоо үйл ажиллагаа явуулж буй банкуудыг шинэчлэн зохион байгуулах ажлуудыг бид хийнэ. Үүнийг эсэргүүцсэн хэн ч амжилт олохгүй. Өнгөрсөн 34 жилийн турш ард түмний хөлс хүчийг хамгийн их сорсон банкууд гадны гар хөл болцгоосон. Төрд гарсан бүх хулгайчдын хулгайг нууж байгаа газар бол банк. Тиймээс банкны тогтолцоог орвонгоор нь өөрчилнө. Банкирууд үүндээ бэлэн байгаарай гэж сануулъя.
2016 оны хар, цагаан жагсаалтыг гаргасны дараа би 20 гаруй шүүх хурлаар орсон байдаг юм. “Би хулгайч биш” гээд хулгайчууд гомдоод намайг шүүхэд өгсөн хэрэг. Монголд над шиг дайруулж үзсэн хүн нэг ч байхгүй. Тэрнийхээ хэрээр арвин туршлага суусан. Дээр нь тэдний үнэн нүүр царайг бүрэн илчилж өгсөн. Тийм болохоор өнөөдөр ингээд сууж байх хэмжээний эрч хүч, эр зоригийг надад тэнгэр өгсөн.
-ХҮН нам сонгуульд ялбал мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдгээ зарлалаа. Хэрэв ИХ нам ялбал ямар бүтцээр яаж ажиллахаар төлөвлөсөн бэ?
-ХҮН нам өнөөдрийн барууны сонгуулийн пиарын үндсэн арга хэрэгслүүдийг хэрэглэж байгаа юм л даа. Тэр жишгээр Засгийн газраа зарлаж байх шиг байна. Уг нь сонгогчид УИХ-д өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг л сонгох гээд байгаа юм шүү дээ. Тэгэнгүүт ХҮН намынхан Ерөнхий сайд, Шадар сайд, яамдын сайд нараа зарлаж байна. Энэ нь тухайн намдаа ялалт байгуулахад хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ Ерөнхий Монголын хөгжилд яаж нэмэр болох юм бол. Монголчууд цаг нь болоогүй зүйлд яарахыг үздэггүй ард түмэн. ИХ намын хувьд яахыг ард түмэн мэднэ. Бидэнд Засгийн газар дээр маш тодорхой шийдлүүд бий. Засгийн газрын шийдлийг гаргахын тулд УИХ өөрөө маш тодорхой шийдвэртэй, бүтэцтэй байх ёстой. УИХ-ын бүтэц дотор иргэний нийгмийн байгууллагуудыг оруулж ирнэ. Намаараа жагсаалтад дамжуулж хийхгүй. Төр иргэний нийгмийн байгууллагуудаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн бус байгууллага гэдэг нэрийг Монголын бүх хуулиас авч хаях нь зөв. Нийгмийн харилцааг бүрдүүлж байгаа тэр үндсэн гол харилцаан дээр өдөр бүр ажилладаг хүмүүсийг УИХ дотор албан ёсоор урин залж ажиллуулна. УИХ-аас гарч байгаа бүх шийдвэр тэд нараар дамжижорох ёстой. Парламент дахь 126 хүний үзэмж эсвэл далд явуулгаар хийгддэг байх ёсгүй. Иймд УИХ-ыг цэвэр тунгалаг байлгахын тулд бид Иргэний нийгмийнхнийг парламентын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оруулж ирнэ. Хоёрдугаарт, бизнесийнхнийг албан ёсоор УИХ-ын үйл ажиллагаанд оруулна. Салбарын болон мэргэжлийн холбоодынх нь зангидлагаагаар парламентын өдөр тутмын үйл ажиллагаанд гаргах бүх шийдвэрүүдийг урьдчилан боловсруулах, санал авах зэрэг ажлууд дээр оруулж ирнэ гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж Иргэний танхим, Бизнесийн танхимыг албан ёсоор байгуулна. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцааны хамгийн чухал хөдөлмөрлөх болоод оршин амьдрах эрхийн баталгаажилтыг хийж байгаа хоёр субьектийг албан ёсоор УИХ-ын үндсэн бүтэц болгоно. Тэндээс гарч байгаа шийдвэрүүдийг, боловсруулсан саналуудыг хөрсөн дээр нь яаж буулгах юм бэ гэдэг асуудлуудаар 126 гишүүн ажиллана. Тэд болж байна гэж үзвэл хууль болоод баталдаг, ийм тогтолцоонд шилжих хэрэгтэй. Хэдий болтол бүгдээрээ аль нэг эрх мэдэлтэнээр дамжуулж парламентын гаднаас, эсвэл хэн нэгэн компанийн эзэн парламентад орсноороо асуудлуудаа шийдүүлээд явдаг байдлыг үргэлжлүүлсээр байх юм бэ. Одоо үүнийг энэ сонгуулиар зогсоох болчихоод байгаа юм. Долоон жилийн дотор бид социализмын үед ч ардчиллын 34 жилд ч байгуулж чадаагүй мянга, мянга бүтээн байгуулалтыг хийсэн байна. Үүний суурь нөхцөлийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институци, нийт иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, ард иргэд хамтдаа бүрдүүлж, бие биедээ тээг тавихгүйгээр нэг хараатай, нэг чигт бүрэн хөдлөх боломжоо олж авах ёстой юм. Засгийн газар, Ерөнхийлөгч дээр тодорхой шийдлүүд байгаа. Энэ бүгдийг өнөөдөртөө хэлэхэд арай эртдэнэ. Цаг нь болохоор зарлаад хууль болгоод гаргаад явна. Өнөөдөр манай бусад намуудын онолын үндсэн суурь зарчмууд нь харийнх учраас ерөөсөө жудаг гэдэг юм суудаггүй. Өнөөдөр миний бие “Өдрийн сонин” дээр энэ ярилцлага өгөхөд маргааш нь хуулаад Засгийн газрын тэргүүн бүх телевизээр би ингэнэ, тэгнэ гээд ярих хэмжээний ёс зүйгүй, ёс жудаггүй болчихсон цаг шүү дээ. Тийм болохоор хамаг ажлаа нэг, нэгдгүй ярьж болохгүй байгааг уншигчид маань ойлгох байх аа.
-ИХ нам үнэхээр засаглаж чадах юм уу. Залгуулаад орон нутгийн сонгууль болно. Үүнд яаж оролцох юм бэ?
-Ирэх аравдугаар сарын 11-нд болох орон нутгийн сонгуульд бид 100 хувь нэр дэвшинэ. Энэ сарын 25-нд Үндэсний аудитын газарт орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өгөхөөр бэлдсэн байгаа. Ирэх 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд жинхэнэ монгол ерөнхийлөгчөө нэр дэвшүүлнэ. Энэ мэтчилэнгээр бидэнд маш их ажлууд байна. Харьцангуй онолын маш хатуу үзэл баримтлалтай, сайн суурьтай, дээр нь таван тусгаар тогтнолоо хамтаар хариуцсан андынхаа зарчмаар ажиллаж байгаа учраас бидний үйл хэргүүд эрчимтэй урагшилж байна. Ирэх гурван жилд эмхлэх цэгцлэх ажлуудаа хийгээд ард түмнээрээ дүнгээ тавиулна. Тиймээс түмэн олон минь Монгол сонголтоо хийж бидэнд итгэлээ өгөөрэй.
-Таныг “Цахим Монгол” хөтөлбөрийн эцэг гэдэг шүү дээ. Ярилцлагынхаа төгсгөлд таны технологийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг онцолмоор байна л даа. Тухайн цаг үеийн түүхийн хуудсыг эргүүлбэл...
- Би 22-хан настай байхдаа “И-Монгол” гэдэг компанитай байлаа.
2004 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулагдаж байв.. Тэр үед “Цахим Монгол” хөтөлбөр боловсруулаад Засгийн газраар батлуулж байсан юм. Манай мэдээлэл харилцаа холбооны салбарынхан тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бүгд нэгдэж, идэвхийлэн ажилласан. Тэрний хүчинд “Өрх бүрт интернэт” төсөл хэрэгжсэн. Уншигчид санаж байгаа бол “Монголын цахилгаан холбоо” компаниар дамжиж айл өрхүүд интернэтэд ордог байлаа. Нэг минутад 12 төгрөг төлдөг байсныг бид нэг төгрөг болгож, утасны шугамтай өрх бүрийг интернэтэд холбож байлаа. Дараахан нь ADSL гээд анхны өндөр хурдны шугамуудыг холбож эхэлсэн. Тэр үед Монгол Улсын нийт гадаад урсгалын хэмжээ 45 хан мега авдаг байлаа. Одоо терабайт руу орж эхэлж байна. Ингэж л Монголыг интернэтжүүлсэн дээ. Цаашлаад "Өрх бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо бидний өдөр тутмын хэрэглээ болсон компьютер маань анх 1000 гаруй ам.долларын үнэтэй эд хөрөнгөд тооцогддог байв. Компаниуд болон төрийн байгууллагуудад ёстой нүдний гэм байлаа шүү дээ. Тэгэхэд нь бид зохион байгуулалт хийж нэг бүрийнх нь үнийг 250 ам.доллар руу буулгаж чадсан. Үүний үр дүнд одоо компьютерийг байх ёстой энгийн хэрэглээ гээд захын дэлгүүрээс ороод авчихдаг болсон байна. Түүнээс гадна олон сувагын телевизийн үйлчилгээг орон даяар нэвтрүүлсэн. Анх монголчууд үндэсний телевиз, ОРТ хоёр л үздэг байсан даа. Тэгвэл одоо малчин болгон олон сувагын телевиз үзэх боломжийг бид бүрдүүлсэн. Бас Юнител, ЖиМобайл зэрэг үүрэн телефоны операторуудыг зах зээлд оруулж ирснээр утасны яриа болон дата төлбөрийг хямд болгож байлаа. 2008 оны зургадугаар сар гэхэд Монгол Улсын нийт сум, сурин гар утасны сүлжээнд бүрэн холбогдож чадсан. 2012 он гэхэд 200 км доторх бүх сум суурингууд шилэн кабельд холбогдож, тэрүүгээр дамжаад гар утас, интернэтийн үйлчилгээг бүрэн авах боломжийг бүрдүүлж байлаа. Одоо “И-Монголиа”-гийн хамгийн анхны төслийг дэлхийн банкинд санал болгож, Засгийн газарт байгаа бүх мэдээллийн системүүдийг хооронд нь холбох ажлуудыг эхлүүлсэн. Олон улсын “Tier3” түвшнийг хангасан Үндэсний Дата төвийг КОИКА-гийн 5.7 сая ам.долларын тусламжаар байгуулж байлаа. Энэ мэтчилэн дурдаад байвал мэдээлэл харилцаа холбооны салбарт олон өөрчлөлтүүдийг хийсэн юм байна. Телевиз, радио, үүрэн телефоны хувьд ард түмэнд олон сонголттой болгож өгсөн. Дээр нь интернэт чөлөөтэй хэрэглэх боломжтой болгож байлаа. Маш олон төрийн үйлчилгээг интернэт рүү оруулах, системчлэх тэр бүх ажлууд “Цахим Монгол” хөтөлбөрөөс эхэлсэн. Тэрний үр дүнг дараагийн салбарыг авч явж байгаа залуус аль болох үргэлжлүүлэхийн тулд зүтгэж байгаад талархдаг. Гэхдээ энэ ажил их удаан байна. Өнөөдөр Монголоос нэг төгрөг ч алга болохооргүй хэмжээнд бүх системүүдийг бүрэн дүүрэн зохион байгуулах боломж байгаа. Гэвч энэ ажлыг огт хийхгүй байна. Бүгд хулгайгаа нууж байна гэсэн үг. Монгол Улсын өнцөг булан бүрт хаана ч малчны бэлчээр дээр антенаас үл шалтгаалаад хиймэл дагуулаар гар утастай болчих төлөвлөлт гарчихсан. Гэвч хэрэгжилт нь алга. Малчид маань бэлчээр дээр гар утсаараа ярих боломж нь хязгаарлагдмал хэвээр л байна.
-ИХ нам төрд гарвал технологийн хөгжлийн гацааг арилгаж, хурдасгах тал дээр ямар ажлууд хийх вэ?
-Иргэд төлбөр тооцооны системүүдээс авахуулаад маш олон зүйлүүд дээр илүү мөнгө төлөөд л явж байгаа. Үүнийг богино хугацаанд цэгцлэх боломж нь технологийн дагуу бидэнд аль хэдийнэ ирчихсэн. Харамсалтай нь хэрэглэх сонирхол байхгүй байх шиг. Татварын дарамтаа өсгөөд аж ахуйн нэгжийг байцаагч очиж дарамталдаг явдал хэвээрээ байна. Уг нь Монгол Улсын хилээр орж ирсэн бараа, бүтээгдэхүүн бүр хаана очиж, хэнд зарагдаад хэдэн төгрөгийн орлого олж байгааг илрүүлэх боломж манай сүлжээний хувьд бүрдсэн. Гэтэл эрх баригчид өөрсдөө хийхгүй байгаа нь хулгайгаа нууж байна гэж хэлэхээс өөр аргагүй. Гадны банкийг Монголд оруулж ирэх тухай ярьсаар байгаад 30 жил болж байна. Уг нь өнөөдөр гадны банк интернэтээр дамжаад аль хэдийнэ ороод ирсэн байгаа. Тэрийг хууль эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөөд чөлөөтэй болгох хэрэгтэй. Энэ бүгдийг яагаад боомилоод байгаа юм бэ. ИХ нам гурван жилийн хугацаанд эмхэлж цэгцлэх ажлын хүрээнд бизнес хийх эрх чөлөө, иргэдийн хөдөлмөрлөх эрх чөлөөг бүрэн хангах ажлыг “Цахим Монгол” хөтөлбөрийнхөө үндсэн дэд бүтэц дээрээ суурилаад хийнэ. Мөн 36 мянган ам.доллар болох ДБН-ийг эргээд иргэдэд баталгаатай хүргэх ажлыг ч гэсэн бүрэн зохион байгуулах боломж байгаа. Тиймээс манай ИХ намаас цахим монгол хөтөлбөрийг улам тэлж өргөжүүлэх, олон улсын дэвшилттэй технологиудыг шууд хэрэглэх байдлаар зохион байгуулах боломжуудыг богино хугацаанд нээж өгнө.
Коины бүүм Монголд болоод өнгөрлөө. Энэ бол ирээдүйн төлбөрийн хэрэгсэл мөн. Үүн рүү монгол залуус хошуурч орсон. Даанч урамыг нь ууцан дундуур нь хуга авсан даа, эрх баригчид. Коины салбар дээр байгаа маш олон залуус “амиа хорлоллоо”. Вертуал аккаунт дээрээ коин аваад хадгалчихсан хүмүүс ч олон бий. Одоо үнэ цэнтэй олон коин дэлхийн зах зээлд аль хэдийнэ гарсан байна. Тэр бүгд дээр ажиллаж байгаа залуусаа дотоодын зах зээл рүүгээ өгөөжийг нь өгүүлэхийн тулд тосч зохион байгуулах зайлшгүй шаардлага байгаа. Цахим хэтэвчиндээ хадгалж байгаа залуучуудын коин болгон үнэ цэнэд хүрэх ёстой. Үүний төлөө Монголын төр, засаг ажилладаг байх ёстой. Цаашдаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд, аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд, баялаг бүтээж байгаа салбарын бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд коины тусламжтайгаар хялбархан гарах ёстой. Одоо цаасан мөнгөө тэврээд банк хоорондын гүйлгээ хийнэ гээд гүйдэг цаг аль хэдийнэ өнгөрсөн шүү. Үнэхээр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх гээд байгаа юм бол бид хийх ёстой ажлаа хийх хэрэгтэй. Энэ бүгдийг манай нам бодлогын хөтөлбөртөө тусгасан байгаа. Дээр нь мал аж ахуйг бүртгэлжүүлж, үнэ цэнийг нь өсгөнө. Бидний судалгааны үр дүнд нэг хонийг зургаан сая төгрөг болгож байгаа гээд бод доо. Тэр малаас хаях нэг ширхэг ч зүйл байхгүй. Бүгдийг нь маш эмх цэгцтэйгээр зөв зохион байгуулах ажил бий. Байгаагаа зөв ашиглах энэ бүх ажлыг гуравхан жилийн дотор хийж гүйцээнэ.
-Нээлттэй ярилцсан танд баярлалаа.
Comments